Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6-р хурал 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болж Сумын Бэлчээр эрсдлийн менежментийн 2016-2020 он хүртэлх төлөвлөгөө, Сумын 2-р багт байрлах тахилгатай овоонд нэр өгөх асуудлыг хэлэлцэн баталлаа.
2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Тариалан эрхлэлтийг дэмжих” сургалтыг Мал эмнэлэг үржлийн тасаг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Ус” үндэсний хөтөлбөр, Аймгийн Засаг даргын баталсан байгаль хамгаалах “Хаврын сарын ая"-ны удирдамж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор сумын нутаг дэвсгэрт орших булаг, шанд, уст цэгүүдийг үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн.
“Иргэн бүр нэг мод тарьж ургуулах хөдөлгөөн”-ий аяны хүрээнд 125 суулгацыг цэцэрлэгт хүрээлэн болон сумын төв талбайг тойруулан тарьсан.
Сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болж, зөвлөгөөнд сумын удирдлагууд болон Аймаг, сумын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгчид, сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцлоо.
Сумын Засаг даргын Тамгын газар болон албан байгууллагууд “Иргэдтэй ажиллах-Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж 10 байгууллагын 42 албан хаагч оролцож давхардсан тоогоор 218 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж 304 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг тарааж ажилласан. Мөн Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж гарын авлага, материалыг тараасан.
Гурван сумын уулзалт сургалт, спортын нөхөрсөг тэмцээн 5 дугаар сарын 19-ний өдөр болж сумын ЗДТГ-ын албан хаагчид амжилттай оролцлоо.
Сумын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж албан байгууллагуудын мэдээлэлтэй танилцан байгууллагуудын удирдлагуудад холбогдох чиглэлийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
1-р багийн иргэдийн нийтийн хурал 2016 оны 05-р сарын 27-нд зохион байгуулагдаж, хурлаар багийн Засаг дарга 2016 оны хагас жилийн ажлын тайлан болон 2016 онд хийгдэж буй ажлыг танилцуулж, 2017 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлсэн.
Эх үрсийн баярын өдөр сумын төв талбайд “Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж баярын үйл ажиллагаа Төрийн дээд одон гардуулах ёслолын үйл ажиллагаагаар эхэллээ.
- Төрийн дээд “Алтан гадас одонгоор-1”
- “Алдарт эхийн 2”-р зэргийн одонгоор 8-н эх тус тус шагнагдлаа.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт 2 нэгж талбарт явагдлаа. Үүнд: Сумын 1 дүгээр баг, 8 дугаар байрны зүүн талд “үйлчилгээ”-ний зориулалтын 3150 м2 газрыг иргэн О.Долгормаа 23,500,000 төгрөгөөр, Хаялга нуурын зүүн урд талд /ус цутгадаг хэсгийн урд талд/ 3 га газрыг “загас үржүүлэг”-ийн зориулалтаар иргэн Н.Батхүлэг 13,500,000 төгрөгөөр тус тус ялагч болж, худалдан авлаа.
Суманд Улсын төсвийн хөрөнгөөр 14 хүний ортой эмнэлэг баригдаж эмнэлгийн барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.