XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн шинийн 1-ний өглөө сумын иргэдийн нийтийн золголт зохион байгуулагдлаа. Бид уламжлалт их баяр Цагаан сараар буцаж буй буурал жилийнхээ ажил амжилтыг дүгнэж, морилон ирж буй жилээ буянтай жил хэмээн бэлэгшээн Монгол хүн гэдгээрээ бахархах, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлалт зан заншилаа хүндэтгэдэг сайхан уламжлалтай билээ.
Засаг даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн А/12 тоот захирамжаар Б.Отгонбаатарт сумын "АВАРГА МАЛЧИН", Ч.Баттогтох, Л.Амаржаргал нарт сумын "АЛДАРТ УЯАЧ" цол олгож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.02.08-ны өдрийн 19 тоот захирамжаар сумын "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч Д.Цэндсүрэн, "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-ийн эзнээр Илчлэг-Шивээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын засварчин Г.Эрдэнэбаатар, 3-р сургуулийн мэдээлэл зүйн багш Б.Мөнхсоёл нар тодорсон байна. Мөн сумын 2-р багийн малчин Волоожийн Оюундэлгэр улаан загалмайн хорооны "Нигүүлсэнгүй үйлстэн манлай малчин" цол тэмдэг тус тус тодорсон байна.
Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр ШОХК-ийн Зуухны машинч Ц.Нэргүй, малын эмч П.Сарангэрэл нар, Спортын "Од" одонгоор Д.Хөөт, Д.Насанжаргал, Д.Энхбаатар нар шагнагдлаа.