Шивээговь сумаас Улсын Аварга малчин тодорлоо.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй энэ өдрүүдэд манай сурвалжлах баг Говьсүмбэр аймаг, бидний нэрлэж заншсанаар Чойрыг зорилоо. Өвөл өнтэй сайхан байсан болохоор малчдын нуруу тэнэгэр, малын зоо ханагар харагдана. Аймгийн төвөөс 30 гаруй км давхиад л Шивээговь сумын нутаг Сэвхүүл уулын баруунтаа Нүхэн сондуул хэмээх газарт өвөлжиж буй Шивээговь сумын II багийн малчин Баянжаргалын Ганхуягийнд ирэв. Хөх хавсарга, урин хаврын салхи, өтөг бууц үнэртсэн малчны хотонд буухад гурван гэр бариатай байх бөгөөд тэдний дунд энэ жилээс “Улсын аварга малчин”-д олгодог болсон улаан халзтай монгол гэр ч аль хэдийнэ баригдаж, зочдоо хүлээж авахад бэлэн болсон байлаа.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 75 шалгуур үзүүлэлтийг харгалзан дүгнэж, 103 малчинг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”, таван саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан билээ.

Тэдний нэг нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Баянжаргалын Ганхуяг юм. Түүнд “Улсын аварга малчин” цол тэмдгийг нь гардуулахаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МААХ-ийн дарга Д.Дэлгэрмөнх, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, ЗД-ын орлогч Ж.Цэвээндулам, ИТХ-ын дарга Н.Эрдэнэбат, II багийн Засаг дарга С.Отгонбаатар болон албаны бусад хүмүүс, нутгийн зон олон хуран цуглажээ. “Улсын аварга малчин” Б.Ганхуяг хадам ээж, гэргий, хүүхдүүдийн хамтаар ирсэн зочдоо угтан, улаан халзтай өргөө цагаан гэртээ урин залав. Чихэр, жимс, идээ будаа дүүрэн зассан монгол гэрийн хойморт хүндтэй зочид заларлаа. Энэ өдөр Б.Ганхуягийн хот айл урьдынхаас илүү хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.

Сумаас нь “Улсын аварга малчин” төрсөнд ихэд бэлгэшээж буйгаа Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ хэлээд “Та бүхний дэмжлэг туслалцаатайгаар манай ажилсаг малчин залуу маань “Улсын аварга” малчин боллоо. Б.Ганхуяг маань Дундговийн Эрдэнэдалай сумаас гаралтай. Энэ нутагт ирж суурьшаад 10 гаруй жил болж байгаа малчин хүн дээ” хэмээгээд ирсэн зочдыг танилцуулангаа “Энэ жилээс “Улсын аварга малчин”-д улаан халзтай гэр олгодог болж. Хуучин цагт улаан халзтай гэр харагдвал энэ аваргынх байна гээд хүн бүхэн мэддэг байлаа шүү дээ” гэж хуучлав. Монгол ёсоор зочид гэрийн эзэнтэй тамхилах зуураа мэнд усаа мэдэлцэв.

Ингээд “Улсын аварга малчин”-ы болзол хангасан Б.Ганхуягт Ерөнхий сайдын өргөмжлөл, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар гардууллаа.

“Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажлынхаа арга туршлагаар манлайлсан танд “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олгов. Танд буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж, дүүрэн баяртай, төвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье. Монгол оронд минь үеийн үед таван хошуу мал багширч, малчин түмний минь магнай тэнэгэр, заяа тэгш, үйлс өөдрөг байх болтугай. Эрдэнэт сүргийг тань малын тэнгэр тэтгэж, эзэн та бүгдийг төрийн сүлд ивээг” гэсэн сайхан үгстэй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нарын гарын үсэг бүхий өргөмжлөлийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь цугласан олонд уншиж танилцуулаад, Б.Ганхуягт гардуулсан юм.

“Улсын аварга малчин” Б.Ганхуяг олон жил мал маллаж байгаагийн зэрэгцээ “Таван эрдэнэ” хоршооны тэргүүлэх гишүүн, сайхан дуулдаг, бас шүлэг бичдэг, морь уядаг нэгэн ажээ. Тэрбээр сумынхаа сүлд дууны шүлгийг бичсэн бөгөөд сумын захиргаанаас нь ая хийлгэж байгааг энэ үеэр хэлж байсан юм. Түүний гэргийг  Ш.Пагмадулам гэдэг бөгөөд тэднийх ихэр хүүхэдтэй аж. Есдүгээр ангид сурдаг гэх Наранцэнгэл, Наранмандах хэмээх хүү, охин хоёр ажилтай бас авъяастай гэдгийг аав ээж нь төдийгүй нутгийн зон олон хэлж байсан юм.

Харин гэргий Ш.Пагмадуламынх нь ээж Ц.Чимиддулам гуай эдүгээ 80 дөхөж байгаа хэдий ч ач зээ нараа харж, ар талыг нь дааж явдаг гэсэн юм. Хүргэн хүү нь “Улсын аварга малчин” болсонд хөгшин ихэд баярлаж буйгаа илэрхийлээд “Сэтгэл их сайхан байна. Манай хүү даруу тохьтой, тулхтай их нуруулаг хүн. Архи тамхи хэрэглэдэггүй, удам дагасан сайн малчин” хэмээн хүүгээ магтав. “Их сайн хүргэн хүүтэй юм байна шүү дээ та. Хэлж зөвлөдөг зүйл олон байдаг байлгүй” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эмээ нь ч  одоо юу хэлэх вэ дээ. Надаар ч юм хэлүүлэхээргүй сайн хүүхдүүд. Мундаг ажилтай. Эмээ нь арыг нь л сайн дааж, хүүхдүүдийг нь харж тус болох юм даа” гэж байв. Насаараа худалдааны байгууллагад ажилласан Худалдааны тэргүүний ажилтан Ц.Чимиддулам гуай 20 гаруй жил мал малласан гэнэ билээ.

Ийнхүү бид “Улсын аварга малчин” Б.Ганхуягийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Манай аав, ээж хоёр малчин хүн. Би чинь удмын малчин хүн л дээ. Мал маллана гэдэг тийм амар ажил биш. Байнгын ажиллагаа, арчилгаа шаардаж байдаг ажил. Малыг хайрлаж арчилж чадах юм бол мал гэдэг чинь өөрөө л өсдөг амьтан. Малчин хүн гэдэг  тэнгэрийн хараат амьтан л даа. Тэнэгэр явахыг тэнгэр мэднэ. Тэнхлүүн явахыг хоол мэднэ гэдэг шүү дээ. Түүн шиг тэнгэр сайхан бол мал, малчин хоёр сэтгэл тэнүүн байна. Тэнгэр муу байвал мөн мал, малчин хоёрын сэтгэл эвгүйхэн л байна. Мал, малчин хоёрыг байгаль дэлхий өөрөө л шалгачихдаг. Байгаль дэлхийн тэр шалгуурт тэнцээд, ган зудыг гарз хохиролгүй даваад гарахыг л малчин хүн гэж би боддог. Би мал маллаад 20 гаруй жил болж байна. Уугуул нутаг Дундговь аймаг ч, Шивээговьд ирээд 10 гаруй жил болж байна. Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр төр засагтаа ажлаа үнэлүүлээд энэ сайхан улаан халзтай гэр, Монгол Улсын аварга малчин хэмээх алдар цолыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш олон хүний хөдөлмөр шингэсэн шагнал юм. Ингээд Монгол орныхоо өнцөг булан бүрт өнтэй шинэлж байгаа нийт малчин түмэндээ, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ажиллаж амьдарч байгаа аав, ээж, болон төрөл төрөгсөддөө, нутгийн зон олондоо удахгүй гарах XVII жарны Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлэхийн өлзий дэмбэрэлийг бэлгэдэн ерөөе” хэмээсэн юм.

Ц.Жаргал: Малчин хүнд тэсвэр тэв­чээр хэрэгтэй, шан­тарч л болохгүй

Нутаг усныхаа нэрийг улс даяар дуурсгасан улсын аварга, удамт малчдынд зочилсон тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Монгол түмэн минь айл хотлоороо амар мэнд, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

MMINFO 2017.02.23

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4